Өнөөдөр Есдүгээр сарын 1-ний өдөр. Мөнгөн хонх жингэнэж эрдмийн хэт цахилаа. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хүүхэд, багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш нарын суралцах, сурган хүмүүжүүлэх их үйлсийн хуанлийн хуудас эргэлээ.

Энэ өдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл, БШУГ-ын дарга Ц.Нарантуяа нар Ерөнхий боловсролын лаборатори Хүмүүн цогцолбор сургуулийн эрдмийн баярын нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт Ерөнхий боловсролын 31 сургууль, 2 политехникийн коллеж, 2 МСҮТөвд нийт 1200 гаруй багш ажиллаж, 26300 гаруй суралцагч суралцана. Лаборатори Хүмүүн цогцолбор сургуулийн хувьд 89 бүлэгт 3400 гаруй суралцагч суралцах бөгөөд 125 багштайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн онцлох үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, политехникийн коллеж, МСҮТ-д Эзэн богд Чингис хааны үйл хэргийг алдаршуулж, эш хөргийг дээдлэн залах арга хэмжээ байв.

Мөн энэ өдөр арга билиг төгс эрдэмтэн багш нар, авьяас билэг төгөлдөр сурагчдаа алдаршуулж шагнал гардууллаа.