МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 сарын 30 өдөр                            Дугаар 106                         Төрийн ордон, Улаанбаатар хот

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар, Монгол Улсын Их Хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.”Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг улс болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-д тус тус даалгасугай.

3.”Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.”Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтын хүрээнд төр, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтад тусгагдаагүй бусад төслийг дэмжиж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO

“Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх болно.

Нэг.Боомтын сэргэлт

1.1.Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

1.2.Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ. 1.3.Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.