Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл, БШУГ-ын дарга Ц.Нарантуяа нар Хүмүүн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт 2-5 насны 280 хүүхэд суралцана. Харин аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 45 байгууллага үйл ажиллагаа явуулах бөгөөд 2-5 насны 8274 хүүхэд суралцах юм.

Төв аймаг боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, сургалт явуулах таатай орчныг бүрдүүлэхэд ихээхэн хүч, анхаарлаа хандуулан ажиллаж байна.

2022 онд нийт 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн 14 барилга болон өргөтгөл баригдаж байна. Мөн 13 сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгад их засвар хийж дуусгалаа.

Энэ хичээлийн жилд Батсүмбэр суманд 920 хүүхдийн хичээлийн байр, Мөнгөнморьт суманд 75 хүүхдийн дотуур байр, Баянжаргалан суманд цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүллээ.